Wednesday, November 16, 2016

Гадаад хэл сурах хүсэлтэй, хэлний түвшингээ ахиулахыг зорьж буй хүмүүст зориулан онлайнаар хэл сурах боломжийг олгож буй хамгийн шилдэг вэбүүдийг танилцуулж байна. 


  1. DUOLINGO

Яг одоо интернетэд нээлттэй байгаа хэл сурах хамгийн шилдэг веб + апп. Хэзээд үнэгүй байхаа амласан Duolingo хэрэглэхэд амар байдал, сонирхолтой шийдлүүдээрээ ялгардаг. Та өөрийн цуглуулсан оноогоор найзуудтайгаа өрсөлдөж, "амь"-аа алдахгүйн тулд шамдан суралцах болно.
Хэрвээ та хүсвэл өөрийн тохируулсан цагт, өөрийн хурдад тааруулан зорилгоо тодорхойлж, урьдчилан бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу ч хичээлээ үзэж болно. Хамгийн сонирхолтой нь цаг үетэй холбоотой контент орчуулах, ярих, бичих даалгавар хийх зэрэг нэмэлтүүдтэй. 100 сая хэрэглэгчийн босгыг аль хэдийнэ давчихаад буй тэдэнд 2013 оноос хойш авч үзээгүй шагнал үлдээгүй гэж хэлэхэд буруудахгүй.


НЭВТРЭХ: Duolingo.com

2. BBC LANGUAGE

Дэлхийн шилдэг медиа компаниудын нэг танд хэл сурах үнэгүй боломжийг олгож байна. Хэдийгээр хөгжүүлэлт хийхээ зогсоосон ч BBC-ийн архиваас та 41 хэлийг видео болон дүрмийн хичээлээр дамжуулан үзэх боломжтой. Мэдээж тэд өөрсдийн давуу тал болох мэдээний контентоор дамжуулан тухайн хэлний түүх, үгийн утга санаа зэргийг нэн сонирхолтой байдлаар заах болно. Guide To хэсэг танд сурч буй хэлнийхээ талаар үндсэн мэдлэгийг олж авах боломжийг олгоно. Аяллаар явж буй хүмүүст зориулсан "хэллэг"-үүд нь их зүгээр. Өөр сайтууд, өөр төвүүдээр дамжуулж хэл сурч байгаа хүмүүс ч гэсэн сул цагаараа сургалтын бичлэг, сонирхолтой контентуудыг нь үзвэл сайн. Англи, испани, герман, франц зэрэг зургаан хэлний 12 долоо хоногийн курсийг нь сонирхоод үзээрэй.

НЭВТРЭХ: BBC Language

3. BUSUU

Интерактив хэлбэрээр хэл заах олон сайтуудаас магадгүй Busuu хамгийн цогц бөгөөд хамгийн ухаалаг шийдэлтэй нь байх. Та унших, сонсох, бичих, ярих гэсэн үндсэн чадваруудыг тест өгөх, мэдлэг шалгах замаар хөгжүүлэх боломжтойгоос гадна бусад сайтуудтай харьцуулбал дүрмийн маш сайн хичээлүүдтэй гэдгээрээ тэд ялгардаг. Нэг ёсондоо арай ахисан түвшиндээ энэ сайтыг ашиглавал илүү хүртээмжтэй гэж хэлж болно. Нийт 12 хэл сурах боломжтой бөгөөд төлбөр нэмж төлснөөр та Busuu-ийн хэлний шалгалтыг өгөн сертификат авах, явцын шалгалтуудад оролцох, бизнесийн англи хэлний хичээлд суух зэрэг нэмэлт боломжуудыг хүлээн авах боломжтой.

НЭВТРЭХ: Busuu.com

4. LIVEMOCHA

Интернет хүчээ аваагүй байх үед хэл сурах програмуудаараа дэлхийг шуугиулж байсан Rosetta Stone-ийн онлайн талбар Livemocha магадгүй хамгийн дутуу үнэлэгдсэн хэлний сайт байх. Жаахан болхи дизайныг нь эс тооцвол сургалтын материал нь бусад юунаас ч дутахгүй. 6 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй энэ сайтанд бүртгүүлэн та өөрийн түвшний сургалтын материалуудыг үнэгүй хүлээж авах боломжтойгоос гадна "хамтрагч"-даа сонгож, тэдэнтэй хамт суралцах боломжтой. Цагийн хуваарьтаа тааруулан гадаад багштай, гадаад суралцагчидтай онлайн хичээлд суухаас гадна форумуудаар дамжин бусад суралцагчидтай хэлэлцүүлэг үүсгэн, хэлний чадвараа хөгжүүлэхийг тэд санал болгодог. Нэг асуудал нь та өөрийн цуглуулсан оноогоороо хичээл үзнэ. Танд дөнгөж бүртгүүлэнгүүт хангалттай их оноо өгөхөөс гадна төрөлх болон мэддэг хэлнийхээ хичээлүүд дээр санал өгөх, хувь нэмрээ оруулах, хүмүүст зааж зөвлөх, форумд идэвхтэй оролцох тохиолдолд оноо нэмж өгдөг юм.

НЭВТРЭХ: Livemocha.com

5. SKRITTER

Япон юм уу хятад хэл сурч буй суралцагчдад зориулсан сайт. Англи гэх мэтийн бусад олон хэлтэй харьцуулахад бичлэг нь өөр буюу ханзаар бичигддэг энэ хэлүүдийг онлайнаар сурах их хэцүү байдаг ч Skritter энэ асуудлыг шийдэж чаджээ. Тэд ханз бичлэгийн сургалт, түүний зурлагын дарааллыг интерактив байдлаар заахаас гадна хамгийн түгээмэл хэрэглэгддэг 263 ном, сурах бичиг, мөн гишүүдийнх нь өөрсдийнх нь бэлтгэсэн, хэрэглээгээр нь ангилсан 3000 үгсийн жагсаалтыг танд санал болгоно. Мөн ханз нэг бүрийн утга санааг тайлбарлаж, өгүүлбэрийн жишээ, унших текстүүдээр хангах болно. Гэхдээ энэ сайт үнэгүй биш. Сард 15 доллар төлөөд энэ бүгдийгавах боломжтой. Муугүй санал шүү.

НЭВТРЭХ: Skritter.com

6. BONUS: TANDEM + MEMRISE

Хэл сурна гэдэг бол тэр чигтээ амьд харилцаанд орох + тасралтгүй суралцах тухай ойлголт гэж би хувьдаа ойлгодог. Тийм ч учраас хэл сурахаар зэхэж буй, мэдлэг чадвараа хөгжүүлэхээр зүтгэж буй залуустаа зөвлөхөд, зөвхөн ном шагайж, дүрэм судалж цагаа "үрж" байхаар гадаад найз нөхөдтэй болж, тэдэнтэйгээ харилцан, соёлыг нь судалж, "дунд" нь орж, тухайн хэлээрээ амьсгалж чадвал хэл сурах явц илүү үр дүнтэй байх магадлалтай. Өнгөрсөн жилийн шилдэг iOS-ийн аппTandem танд ижил зорилготой нөхөдтэй болж, тэдэнтэй хамт хэлний чадвараа хөгжүүлэх боломжийг олгох бол бидний онцлох апп булангаараа танилцуулж байсан Memrise үг цээжлэх замаар хэлний мастер болох боломжийг олгоно.

No comments: